“Бүргэд өөрөө баярласан уу” буюу “Бүргэдийн баяр-2013”

 

Өвөл хаврын зааг дээр өргөн дэлхий өнгөө засахтай зэрэгцэн сэтгэлд нэг л дотно танил мэдрэмж төрнө. Ийм л сэтгэлд уянга эгшиглэсэн дулаахан өдөр бага үдээс өрсөн “Чингисийн Хүрээ” жуулчны баазыг зорьлоо. Сүүлийн хэдэн жил уламжлал болон зохиогдох болсон “Бүргэдийн баяр” арга хэмжээ “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохиогдох болсонтой холбогдон шуурхайлан яваа нь энэ.

Улаанбаатар хотоос 25 километрт орших Богдхан уулын Жаргалантын аманд байрлах жуулчны цогцолбор..Нэгэн үе гадны томоохон гийчдийн өмнө ганц нүүр тахалдаг байсан газар маань танил төрхөөрөө дүнхийнэ. Цэвэр агаар цээж дүүрч, цагаан цас нүд гялбуулах нь ойрд салхинд гараагүй улсад  “уураг” л гэсэн үг. Машинаас буун “хүндэтгэлийн их өргөө” рүү алхах замд хэдэн лангуу засаж, гар урлал болон казак үндэстний хувцас хэрэглэл зарсан хэсэг хүмүүс байх. Үнэ хөлсийг лавлавал жуулчдад зориулсан бололтой овоо үнэ хэлж байх юм. Зайдуухан цасан дээр гар дээрээ шувуу суулгасан хэсэг морьтон бөөгнөрцгөөж, тэднийг тойрон урт дуран авайтай зурагчид голдуу хүмүүс хөлхөцгөөж байна. Өргөөний урд байрлуулсан өсгөгчөөр домборын сайхан ая эгшиглэж, хөтлөгч бололтой залуу удахгүй бүргэдийн баяр эхэлж, бид бүхнийг “цэнгэлийн далай”-д хөвүүлэх тухай байн байн сануулах аж. Зохион байгуулагчид нь ССАЖЯам, Монголын аялал жуулчлалын холбоо, “Чингисийн хүрээ” цогцолбор юм байна.

Цагтаа эхлэдэггүй “монгол уламжлал” ёсоор 30 гаруй минут хүлээлгэсний эцэст “Бүргэдийн баяр-2013” эхлэв. ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Казакстан улсаас Монгол суугаа элчин сайд Р.Данер тэргүүтэй хүмүүс ээлжлэн бэлгэдлийн үгс хэлцгээсэн. Ингээд Баян-Өлгий аймгийн сумдаас ирсэн 20-72 насны хорин бүргэдчид морьтойгоо цуварч орж ирсэнээр нээлтийн ажиллагаа дууслаа. “Аж үйлдвэрийн тэргүүний бүргэдчин, аймгийн аварга анчин…” хэмээн хэн нэгнийг танилцуулахад хүмүүс хөхрөлдөх нь хөгжилтэй… Харин хөтөлбөр дээр зарласан “бүргэдтэй парад”, “хамгийн сайхан бүргэдчинийг шалгаруулах ажиллагаа” хоёр тохиосонгүй. Эс бөгөөс анчдийг танилцуулах үйл ажиллагааг “парад” гэж сүржин нэрэлсэн байж болох талтай… Мөн сайхан бүргэдтэй, тоноглолтой хүмүүс олшроод олон эрчүүдийг “хэнийг нь хэн” гэхэв гээд “халширсан” байж болохыг мань мэт ойлгоогүй байж болохыг бас үгүйсгэхгүй.

Нээлтийн ажиллагаа дууссаны дараа жуулчны баазын баруун урд энгэр рүү биднийг урьсан боловч үзүүлбэр эхэлсэн зүйлгүй дахин бүтэн цаг уях нь тэр. Сураг сонсвол “дарга нар” хооллож ундлаад хөөрхий биднийг хэсэг мартсан сурагтай. Ёстой л хангай дэлхий дулаарсан, наашилж яваа цаг тулдаа хүмүүс наранд ээнгээ элдвийг ярилцах ажээ. Цаг гаруй хэртэй овооны энгэрт бөөгнөрсөн хоёр зуун тавь орчим улс (бараг тал нь гадаадийн иргэд) хэдэн морьтнуудаа тойрч, зураг хөргөө татуулан, хэвлэлийн нөхөд казак анчдаас ярилцлага авах зэргээр цагийг бас зүгээр өнгөрөөсөнгүй. Зарим нэг сэргэлэн бүргэдчин зургаа авахуулангаа мөнгө нэхэж байв. Гадны хэвлэл мэдээллийн ажилтнууд, зурагчид ч цөөнгүй харагдана.

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас ирсэн шилдэг анчдын нэг М.Науректэй уулзвал “Аймагтаа болдог тэмцээнд 16 жил тасралтгүй оролцож, хоёр ч удаа хошой аварга болж байсан. Улаанбаатарт бол дөрөв дэхь удаагаа ирж байна. Энд хоёр удаа дэд байр, нэг удаа гутгаар байр эзэлсэн. Дөрвөн үеийн удам дагасан бүргэдчин” хэмээв. Бүргэдийн онцлогийг сонирхвол “Энэ бүргэдээ дэгдээхэй байхаас нь авсан. Одоо хоёр нас хүрч байна. Бүргэд бол маш ухаантай, долоон сард аваад арван сард анд гаргадаг. Гуравхан сарын дотор бүгдийг сурсан байдаг. Харин шувуугаа 10 нас хүрэхээр нь байгальд нь тавьдаг. Хүнтэй олон жил болсон ч байгальд амьдрах чадвараа алддаггүй амьтан. Нүдний хаалттай байлгахгүй бол юм бүр рүү үсчээд болдоггүй, сарвуу болон бусад эрхтэнд их хор нөлөөтэй” гэлээ.

Харин Сагсай сумаас ирсэн А.Ирек “Бүргэдчиний хувцас өвөрмөц онцлогтой. Малгайн гадна талыг үнэгний арьсаар, дотор талыг эсгийгээр хийнэ. Дээлийг жаркак гэж нэрлэдэг, унаганы арьсаар хийдэг бол өмдийг хонины арьсаар урладаг. Казак гутал өвдөг хүрсэн, дотроо тусгай оймстой. Бүргэдээр ан хийхдээ нас биед хүрсэн, номхон боловч чадалтай морь голчлон унадаг” гэхчлэн ярив.

60384_117163

Хөтөлбөр ёсоор бол тэмцээн хэдийнэ дууссан байх ёстой 13 цагийн үед ашгүй цагдаа нар хөдөлгөөнд орж, урт шиг олс татаж эхлэв. Хоёр зуу гаран хүнд олсны хэрэг ч гэж юу байхав, удалгүй буцаагаад шуудайлж байх юм. Арван таван цагдаа хэв журам зохицуулахаар ирсэн гэнэ. “Зуун ямаанд жаран ухна гэгчээр бидний хэрэг энд байхгүйм байна дөө”   хэмээн үгэлсээр нэг цагдаа хажуугаар зөрөн бусадтайгаа нийлэв.

Эхний тэмцээн бүргэдчид маань хэн нь бүргэдээ сайн сургаснаа хурсан олонд харуулах тэмцээн бөлгөө. 50 метрийн зайд очиж зогсуут араас нь бүргэдийг нь нисгэнэ. Зарим хэнэггүй “нөхөд” эзнээ давж нисэн хаа хамаагүй газар очиж буух юм. Ихэнх нь эзнийхээ баруун гар дээр очиж буух боловч хамгийн богино хугацаанд очсоноор нь шүүдэг ажээ. Энэ тэмцээн нилээд сунжирч урьд нь нилээд хүлээсэн үзэгчдийн тал орчим залхсан бололтой яваад өглөө. Дараагийн тэмцээн бол   амьтны чихмэлийг чирж давхисан морьтны араас бүргэд нисгэхэд, “анчин” маань хэр богино хугацаанд чихмэлийг барих хурдаар нь дүгнэх тэмцээн юм. Нилээн ажил болж “узель”-ээр зарим анчид маань загнуулсны дүнд энэ ажлын ард гарлаа.  Ингээд үндсэн үзүүлбэр дуусав. Харин зохион байгуулагч гэх ССАЖЯам-ны сайт дээр сурталчилсан шиг амьд амьтан бариулах үзүүлбэр болсонгүй. Энэ нь амьтныг хамгаалагчдын шүүмжлэлтэй холбоотой гэж зарим иргэд ярилцана.

60384_117168

Уралдааныг зохион байгуулж буй иргэд дээр очвол бүгд Баян-Өлгий аймгаас ирсэн удирдах голдуу ажил хийдэг иргэд байв. Аймгийн ҮЭХ-ны дарга А.Кеншелик “Гол нь жуулчдыг татаж, бүргэдээ сурталчлах зорилготой. Гэвч 1700 километрийн алсаас багадаа гурав хоног өдөр шөнөгүй машинд явж өчигдөр ихэнх нь ирсэн. Бүргэдүүдийг бол хөдлөх аргагүй өлгийдөөд авчирсан. Орчиндоо дасаагүй, ядарсан байгаа учраас зарим үзүүлбэрээ хийж чадахгүй байна. Баян Өлгий аймагт бол 450 орчим бүргэдчин байдаг” гэлээ. “Зохион байгуулалтын хувьд ямар байна” гэхэд “Гадаадын жуулчид их байхад англиар тайлбарлах хүн ч өгсөнгүй. Яг аймгаас ирсэн хэдэн хүн л бор зүрхээрээ шүүгээд сууж байна даа” гэж ярилаа. “Тэр хол нутгаас зүтгэж ирсэн хүмүүст шагнал урамшуулал гайгүй биздээ” гэвэл “Таван бүргэдчинг шалгаруулна. Өөрсдөө л шагналаа гаргаж байгаа. Өргөмжлөл, хэр тааруу юм өгнөө..” гээд нэрэлхсэн бололтой инээв.

Завсарлагааны цаг болж хоол унд хайхад  ширхэг хуушуур бүү хэл  орох газар ч олдсонгүй. Өглөөхөн өөдрөг явсан сэтгэл өдөр дунд унтарчих ч гэж… Гадаа зарж байсан аарцнаас 1500-гаар авч уулаа. Аппаратаа зүүсэн гадны жуулчид сэтгэл дундуурхан алхалцгаана. Алдарт “Бүргэд” найраглалыг бисэн Б.Ахтааны зээ И.Хуанбектэй таарч үг солингоо гэрт нь орж каз олж идэв. Тэрбээр энэ тэмцээний хамгийн залуу оролцогч ажээ. Завсарлагаа дуусаж тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх үзүүлбэр “сайн дурын” хэдэн залуусын хооронд “өрнөөд” дууслаа. Үнэндээ морьны хар хурдаар давхиж ирээд шүүрдэг үзүүлбэр маань шогшуулж ирээд “самарддаг” энгийн зүйл болж орхилоо. Харин энэ үед нэгэн эмэгтэй санаа зовсон бололтой сайн дураар англиар орчуулж өгч, жуулчдад тус болж, тэмцээний төгсгөлд ч  “их хувь нэмэр” оруулсан нь нууц бишээ. Шүүгчдийн зүгээс тэмцээний дүнг танилцуулахад  Алтай сумын бүргэдчин М.Далайхан түрүүллээ. Энэ хүртэл үлдсэн байсан зуу орчим хүмүүс юманд хөөгдсөн аятай дүнг зарлаж байхтай зэрэгцэн машин руугаа алхацгаана.

Хот руу буцах шавар шавхайд хутгалдан хальтиргаа үүссэн замд машин аажуухан урагшлахтай зэрэгцэн  сэтгэлд гуниг төрнө. 2010 онд бүргэдээр ан хийлгэдэг энэ уламжлалт зан үйлийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн билээ. Соёлын “их өв”-ийг харахаар өөр орноос зорьж ирсэн нь хэд бол? “Eagle Hunting Festival” гэх их том нэртэй гэж байгаа. Ядаж гадны тэр олон жуулчдаас санаа зовдоггүй юм болов уу гэсэн өнгөц бодол ч зурсхийх шиг.. “Ажил хөдөлмөрийг нь чи хий, Алдар хүндийг нь би үүрье”… Тэр яам нь “зохион байгуулалцсан” юм бол ядаж л шагналыг нь шийдээд өгчихгүй дээ! Ажил мэргэжилдээ дуртай хэдэн фото зурагчдын сайхан зургууд, редакцын хараат сэтгүүлчдийн маань мэдээнд гарсанаар сүрхий “том ажил” амжуулсан дүр зураг иргэдэд хүрэх байхдаа. Ц.Оюунгэрэлийн хэлсэн “Бүргэдийн баярын зарыг өөрийн яамны сайт дээрээ тавьж дэмжсэн…”, А.Тлейханы “Бүргэд шувууны хүч тэнхээг сорьсон сайхан баяр юм…” гэхчлэн нээлтэн дээр хэлж байсан үгс нь зурсхийхэд өөрийн эрхгүй мушийв. “Үнэндээ агаарын сайхантай хослуулж алс баруун хязгаараас ирсэн хэдэн өвгөчүүл өөрсдөө л өнөөдрийг тахалж байх шив” хэмээн хажуунаас хэлэв. Тиймээ, бүргэдийн баяраа гэж…харин… бүргэд өөрөө баярласан болов уу? Доод тал нь гурван өдөр гурван шөнө хүний эрхэнд нүд нь боолттой, бие нь баглаастай Улсын нийслэлд ирсэн бүргэд нээрээ баярласан бол уу…

Г.Батболд