Чанар биш хэлбэр хөөцөлдсөн Монгол “жиргээчид”

“Сошл медиа” буюу нийтийн мэдээллийн хэрэгслийн сайт бүр өөрийн хэрэглээний онцлог, давуу болон сул талуудтай. Хэдийгээр “Нийгмийн мэдээллийн хэрэгсэл” гэж орчуулж, хэрэглэж заншсан ч оновчтой хувилбар нь нийтийн, бүгдийн, өөрөөр хэлбэл “Нас хүйс, албан тушаал, ажил мэргэжил үл харгалзан хэн ч хэрэглэж болох..” гэсэн санааг агуулдаг билээ. Монголчуудын  хувьд дэлхий нийтийн олон хэрэгслүүдийг ашигладаг боловч сүүлийн жилүүдэд түлхүү ашиглах болсон нь твиттер. Твиттер сайт “Бидний зорилго бол хүндрэл бэрхшээлгүйгээр мэдээллийг шуурхай хуваалцах, санаа бодлоо бусдад түгээх хүч чадлыг хүн бүрт өгөх явдал юм.” гэсэн бол wijihow сайтад дурьдсанаар “Твиттерын онцлог бол “үйл явдлыг газар дээрээс нь мэдээлэх” бөгөөд шуурхай, товч байлгахын тулд хэдхэн тэмдэгтэд багтаан мэдээлэх санааг агуулдаг юм.” гэжээ. Шинэхэн хэрэглэгчийн хувьд эхлээд  бага зэрэг хүндрэлтэй зүйлс гарч болох хэдий ч давж чадвал хэсэг хугацааны дараа “Онлайн орон зайн баатруудын нэг” буюу бодит амьдрал дээр биш юмаа гэхэд цахим ертөнцөд “Од” болон гялалзах нигууртай..

Монгол жиргээчдийн өнөөгийн дүр төрх

Хэрэглээний энгийн түвшний зүйлүүдийг хэрхэн завхруулж байдгийг нь нуршилгүйгээр жиргээчдийн чиг хандлагын талаар товчхон дурдая. 2012 оны сонгуулийн дараанаас эхлэн борооны дараах мөөг шиг эрс олширсон жиргээчид өөрсдийгөө “Нийгмийн идэвхтэй давхарга” гэж ярьдаг нь нууц биш. Энэ нь өөрсдийгөө өндөрт өргөж, өрөөлийг өчүүхэнд тооцдог манайхны нийтлэг зантай холбоотой. Үнэн чанартаа хоосон чалчигсад, хэт мэдэмхийрэгсэд, дагагч хөөцөлдөгсөд,  далдаас загнагсадын масс нь хэтийдсэнээс “Монгол жиргээ” гэж давсгүй шөл шиг л амтгүй, эрч хүчгүй болжээ.

Жиргээг нарийвчлан ойлгож, зөв ашиглахын оронд хэлбэр хөөцөлдөж, дагагсдын тоогоор өрсөлдөх нь хэрээс хэтэрлээ. Ажил төрлөө ч умартан, бусдын “дээр” гарахын төлөө хийрхэж, зөвхөн дагагчаар амьсгалсан нөхөд дүүрэв. Гадны сайтад дурьсанаар “Хэрвээ таны сонирхол олон дагагчтай болох юм бол жиргээ чинь сонирхолтой, мэдээлсэн, ач холбогдолтой, бодитой байх ёстой.  Мөн сонирхолтой, сайн жиргээчидтэй холбоо тогтоох, твиттерийн орчинд амьд харилцааг бий болгох хэрэгтэй.” гэжээ. Өөрөө 20 мянган хүн дагаж, хариуд нь 20 мянгыг дагуулсан твийтчин бол сайн жиргээч бишээ. Зүгээр л дагагсадын тоо хөөцөлдсөн нэгэн төдий. Дагасан хүн бүрээ хуурсантай утга нэг. Усны урсгал шиг урсан өнгөрөх жиргээнээс алийг нь уншиж барах вэ. Эмх цэгцтэй мэдээлийг онцолсон хүмүүсээс авч чадахгүй, өөрөө нэг юм бичихээд түүнд хэн хариу үйлдэл үзүүлэх вэ л гэж “интеракшн” харж суух төдийгөөр хязгаарлагдана. Харин цөөн хүн онцолж дагадаг жиргээч бол тухайн хүмүүсээс мэдээллийг эмх цэгцтэй авч чадаж байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл жиргээнээс авах мэдээлэлдээ бодитой хандаж, мэдээлийн энэ том сайтыг үр ашигтай хэрэглэж чаддаг нэгэнд тооцогдоно.  Олон дагагчтайн хэрээр олон хүнд мэдээлэл хүргэнэ гэж ойлговол том эндүүрэл. “Дагагчдын 1 хувь нь л идэвхтэй эккаунт, үлдсэн 99 хувь нь хоосон данс” гэсэн твиттер факт байдаг. Багахан хэтрүүлэгтэй хэдий  таныг дагадаг жиргээчдийн 5 хувь нь л таны жиргээг уншвал уншина гэдэгт харинэргэлзэх хэрэггүй.

images3

Үнэндээ монголын жиргээчдийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл маш бага, жиргээний чанар сулхан. Уг нь улсын хөгжилтэй холбоотой ямар нэг сэдвээс нарийвчилсан өнцөг гаргаж эрүүлээр хэлэлцүүлэг өрнүүлж, хаштаг бий болгон, тренд үүсгэж шийдвэр гаргагсадын анхааралд аваачих асар их хүчтэй.  Тухайлбал, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга таксины үнийг өсгөх тухай яриа гаргахд нийтээр эсэргүүцэж шийдвэрийг нь цуцлуулж байв.  Хамгийн ойрын жишээ гэхэд ерөнхийлөгчийн идээг буруу өрсөнийг өдөржин шуугиж, хэсэг бүлэг хүнийг ажлаас халуулж  “чадаж” байв. Ийм боломжийг үл ухааран, хов жив хэрүүл уруул хийхдээ багаар ажиллахаас өөр шид алга. Хэн нэгний оюунлаг жиргээг олонд хүргэхийн оронд муулсан доромжилсон өгүүлбэрийг дуу нэгтэйгээр дэмжих нь өрөвдөлтэй хийгээд эмгэнэлтэй.. Түүн дээр нь тоглолт хийдэг, нэр зүсээ нуусан эр эм нь мэдэгдэхгүй олонд алдартай “жиргээчид” ч зөндөө болж.    

Хүссэн хүсээгүй улс төрийн намын “нэр нөлөө” бүхий гишүүд, улс төрчид жиргээнд бүртгүүлж ордог болсон цаг. Энэ нь тэдэнд “Иргэдтэй чөлөөтэй, нээлттэй харилцдаг..” гэх имиджийг бүрдүүлж өгдөг. Энэ мэтээр аль ч түвшний иргэд твиттерт бүртгэлтэй байдаг нь жиргээг илүү амьд, хэнд ч үгээ хэлж болох мэт санагдуулж байгаа ч жиргээчид бол нийгмийн радикал давхарга гэсэн үг биш юм. Жиргээнд орж донтох нь бүү хэл хааяа энд хэдэн үг чудуудах ч завгүй нийгмийн жинхэнэ идэвхтэй иргэд зөндөө байдгийг санах хэрэгтэй. Амьдрал дээр хэнд ч хэрэггүй нөхөд цахим ертөнцөд “Тод од” болон гялалздаг нь сошл медиагийн сул тал юм. Үлдсэн амьдралаа жиргээнд өнгөрөөе гэсэн мэт олон данс давхар эзэмшдэг, аль нэг нам улс төрийн хүчинд сонгуулийн үеэр хүчээ өргөж, магтан дуулж, “хөрөнгө цуглуулах“ бодолтой нөхөд ч хэт олширчээ.

Жиргээг үр дүнтэй ашиглах нь

2013 оны  судалгаагаагаар дэлхий даяар 500 сая гаруй твиттер эккаунт байдаг гэх боловч твиттер сайтад дурьдсанаар “241 сая нь сард ямар нэгэн зүйл жиргэдэг” гэжээ. Үүнээс өдөр бүр жиргэдэгийг нь ангилвал бүр багасах нь тодорхой. Ямартаа ч 500 сая твийт өдөрт нисдэг гэнэ. Мэдээлийн энэ их орон зайд бид жиргээг зөв, үр дүнтэй ашигладаг массыг ихэсгэх нь шийдлээ олсон асуудал  нэг ч үгүй, өдрөөс өдөрт нийгмийн бухимдал ихэсдэг орны хувьд ганц ч асуудлыг олноор шийдэхэд чухал нөлөө үзүүлэх эерэг талтай.

Тренд буюу тухайн цаг үед нийт жиргээчдийн  чиг хандлага ямархуу байх, онцолж  ямар сэдвээр бичиж байгааг хоумпейж болон дагалдах сайтуудын тусламжтай харж болдог нь нийгмийн сэтгэл зүйг тольдох, судалгааны ажил хийхэд нэн тохиромжтой. Өөрөөр хэлбэл онцолсон сэдвийг “брэнд” болгож, үнэгүй судалгаа хийхэд төрийн болон хувийн байгууллага, цаашлаад улс орны хэмжээнд ч анхаарч болох чухал ач холбогдолтойгоороо твиттер бол хамгийн чухал нийтийн мэдээллийн хэрэгсэл юм. Хаштаг хэрэглээгүй ч хамгийн олон давталттай хэрэглэсэн үг тухайн орны тренд болноо гэсэн үг. 

Хаштаг(#) буюу үгийн өмнө чагт хэрэглэсэн тохиолдолд тухайн үгээр хэлэлцүүлэг өрнүүлж юмуу санал бодлоо эрэмбэлж,  архив үүсгэн хадгалах боломжтой. Монголчууд хаштагийг хэрэглэх тохиолдол байх боловч өнгөрсөнийг санан дурсах ч юм уу дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд зориулсан хаштагийг л хэрэглэдэг нь дэндүү хангалтгүй. Олон сайхан алт шиг санаа хаштаг үүсгээгүйгээс хэнд ч үл хэрэггүй урсан оддог нь харамсалтай. #бибагадаа юмуу #sochi2014 гэх мэт хаштаг хэрэглэх нь тухайн үедээ зугаацаад өнгөрөхөд сайхан ч аль нэгэн асуудлын шийдийг олоход туслахгүй. Мөн яамд, агентлагууд өөрийн ажилтай холбоотой хаштагуудыг үүсгэж, тогтмол санал асуулга явуулж, иргэдийн санал бодлыг тусгадаг болвол амьдралд үр дүнтэй шийдвэрүүдийг гаргаж чадна.

Мөн ямар ч хэрэглэгч өөрийн дагаж буй хэрэглэгчдийг хүсэл сонирхол, нас хүйс, эрхэлдэг ажлаар нь ангилж лист үүсгэж гишүүнээр бүртгэж болно. Тухайлбал арван найз нэг лист үүсгэсэн тохиодолд листээрээ зөвхөн хоорондоо харьцах боломжтой. Жагсаалтад бүртгэгдээгүй хэрэглэгч тэдэнд хандаж жиргэсэн ч листэнд жиргээ нь орж ирэхгүй. Илүү амьд харьцаа үүсгэх боломжтой, хүссэн хүнээсээ авах мэдээлийг эрэмбэлж өгнөө л гэсэн үг. Ялангуяа олон дагагчид дагуулахыг эрмэлзэж, хэнийг ч хамаагүй дагадаг нөхдийн хувьд их тохиромжтой ч манайхан нэг их хэрэглэж мэддэггүй.

Өөрийн хэрхэн жиргэх хэв маяг болон жиргэх цагаа тодорхойлох нь чухал. Твиттер бол бусад сошл медиа сайтуудын нэгэн адил донтуулж, хийж бүтээх цагаас чинь ихээр хорогдуулдаг нь батлагдсан. Хэмжээ хязгааргүй хэрэглэж эхлэх юм бол үүний хохирогч нь та өөрөө, өөр хэн ч биш.. Өдөр бүр хэрэглэх шаардлагатай бол хэзээ хэдий хэр хугацаагаар хэдэн удаа хэрэглэх болон жиргээний хэв маяг чинь ямар байх талаар шийдсэн байх ёстой. Хэнийг ч хамаагүй дагаж, дагагч бөөнд нь цуглуулах хэнээгээр өвчлөхөөс зайлсхий. Олны анхаарлыг татах гэж толгойгоо гашилгах шаардлагагүй, хүсвэл тархиа амраах хөнгөн амралт маягаар ашиглаж ч болно.  Хэрвээ танд твиттер сүрхий ач холбогдолтой санагдахгүй бол зүгээр л амралт ав, хэсэг жиргээнээс хөндийр, ач холбогдолтой санагдвал эргээд ор.

Твиттер иргэний сэтгүүлзүйн төлөөлөл болох нь

Иргэний сэтгүүлзүй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд нийтийн мэдээллийн хэрэгслийг хэрэглэж буй хүн бүр цахим сэтгүүлчид юм. Иргэд мэдээ мэдээлэл цуглуулах, задлан шинжлэх, зэрэг үйл явцад идэвхтэй оролцохыг хэлнэ. “Иргэний сэтгүүлчид” гэдэг ойлголт уламжлалт сэтгүүлзүйн хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч цахим сэтгүүлзүй хөгжихийн хэрээр энэ ойлголт улам багасаж байна. Блогийн эрин үе ид хөгжиж эхлэхэд “Чухал үйл явдал болоход олон нийт бидэнд маш их мэдээ мэдээллийг илгээх боломжтой болж, бид түүнийг нь дамжуулж эхэллээ. Ингээд энэ үеэс мэдээ мэдээлэл хамтын бүтээл боллоо.” гэж BBC хэлж байсан нь саяхан.  Сэтгүүлчдийн хувьд үйл явдал яг болж байгаа үеднээлттэй эх сурвалжуудыг судлаж, олон нийтийн санаа бодлыг тольдох боломжтой. Иргэний сэтгүүлзүй шинэ хэвлэл мэдээллийн орчинг бий болгож байгаа энэ үед сэтгүүлчид энэ боломжоос татгалзах учиргүй юм. Тиймээс сэтгүүлчдийг твиттерээс мэдээ бэлдлээ гэж шүүмжлэх нь өрөөсгөл ойлголт. Дам, баталгаатай бус эх сурвалжаас бус шууд  нэгдүгээр эхээс факт олох боломжтой нь твиттерийн давуу тал билээ. Гэхдээ сайн сэтгүүлч бол баримтыг сайтар нягталж, олон талаас нь харж, өөр хараат бус эх сурвалжуудын түвшинг харьцуулж мэдээлэх чадвартай байх ёстой.

Г.Батболд


 

Advertisements

Орос орон… Олимп… Монголчууд… Түүхийн мөчлөг..

Хүн төрөлхтөний оюун санаа, эв нэгдэлийн гайхамшигт бэлэгдэл Олимпийн наадам  хөрш Орос оронд нээлтээ хийлээ. Хар далайн эрэг дээрх түмэн гэрэл цацруулсан Сочи хот бүх дэлхийн анхаарлын төвд байна. Оросууд зургаан жилийн турш бэлдэж, их ч ажил амжуулжээ. Олимпийн наадамд хараа тавьсан дэлхийн улс орнуудад ямар аугаа түүхтэй, өвөрмөц соёл уламжлалтай, хүн төрөлхтөний өмнө хэрхэн гавьяа байгуулсан, газарзүйн өвөрмөц бүтэцтэй зэргээ цогцоор нь харуулж чадав. Нээлтэнд өөлөх юм байсангүй. “Хайр” охины зүүдэн аялал, оросын түүх, шинжлэх ухаан урлагын хөгжил, социализмын их бүтээн байгуулалтыг харуулсан өнгө гэрэл, хөгжмийн шоуг харан суухад сэтгэлд нэг л дотно. Хүүхэд ахуй цагаас сэтгэлд хоногшсон дуунууд зүрхний гүн дэхь эртний дурсамжийг сэдрээж, сэтгэлийн чавхдасыг хөндөнө. Түүх гэдэг гайхамшигтай. Энэхэн мөчид дэлхий ертөнц тэр чигтээ орос орны түүхээр амьсгалж байхад, энэ их гүрнийг 200 жил сөгдүүлж явсан Монгол орныг хэн ч дурсахгүй.. Нээлтийн үйл ажиллагааг олон Монголчууд үзэж, сэтгэл нь хөөрсөн бололтой “Аугаа их Орос гүрэн..” “Орос ах нар..” гэсэн үгс нийгмийн сүлжээгээр тасралтгүй цувна. Орос оронтой холбогдох Монголын түүх хэрхэн өрнөж, цагтаа хэн нь “ах”, хэн нь  дүү” явсаныг мэддэгт нь сануулмаар, мэдэхгүйд нь товчхон ч гэсэн хэлмээр санагдах “адын бодол төрөх юм. Өнцөг хазайсан аваас өршөөнө буйзаа…

Урд хойд хоёр хөрш Монгол улсын дарлалд хамгийн удаан байсан улсууд. Алтан ордын үед Орос 200 орчим жил Монголын дарлалд байлаа. Хятад улсын нутагт 3400 жилийн турш байгуулагдаж байсан 24 төрийн 10 орчмыг нь хүчирхэг Монголчууд удирдаж байсан гэдэг. Орос Хятад хоёр Монголчуудын харьяанд удаан байсан учраас монголчуудыг нэгдээд ирэх цагт учрах аюул тоймгүй хэмээн болгоомжилж, хагаралдан бутаргах бодлого явуулж ирсэн нь тоймгүй. Хятадууд хамгийн гол аюул хойд зүгээс монголчуудаас ирнэ хэмээн болгоомжилж, цагаан хэрмийг 1000 жил барьж босгосон түүхтэй. Зөвхөн энэ хэрмийг барьж босгох гэж хятадуудын олон зуун жил амссан зовлон бэрхшээл тоймгүй, амиа алдсан хүний тоо хэмжээлшгүй хэмээн түүхчид үздэг. Оростой холбоотой асуудлыг ярьж байгаа учраас хятадыг орхих нь зүйтэй.

XIII зууны эхээс эхлэн Орос орон монголчуудын хөлд үрэгдэх болсон гэдэг. Хамгийн томоос нь дурьдвал, 1223 онд Калка голын дэргэд Орос Монголын хооронд том тулалдаан болж, монголчуудын ялалтаар өндөрлөжээ. Оросын хоорондоо зөрчилтэй вангуудыг ээлж дараалан цохих нь манайхны хувьд амар байжээ. Улмаар 1237 он гэхэд Бат хааны цэрэг Оросын Рязань, Москва, Суздаль  зэрэг гол суурингуудыг эзлэн, жилийн дараа гэхэд өөр 20 орчим хот монголчуудад эзлэгдсэн байв. 1242 оноос эхлэн Орос орон Бат хааны байгуулсан Алтан ордны улсын бүрэлдэхүүнд бүрэн орсон ба Алтан ордны улсын нийслэл нь Ижил мөрний эрэг дэх Сарай хот болжээ. Манай улс Уралын нуруунаас Карпатын нуруу хүртэлх   өргөн уудам газар нутгийг улс үндэстэнтэй нь эзэмшиж байсан бөгөөд 1399-1419 онд хаан байсан Эдэгэйгээс хойш улсын хил хязгаараар биеэ даасан Астрахань, Казань, Крымын хаант улсууд байгуулагдсанаар хүч нь ихэд доройтсон байдаг.

Image

Алтан орд улсын үед монголчууд өөрийн эзний байдлаа нутгийн оросууд болон угсаатнуудад мэдрүүлэхийн тулд үс тавих, хувцас хунар өмсөх, алба гувчуур барих, өртөө зам эрхлэх, төрийн ёс заншил зэрэгт монгол ёсоо ягштал мөрдөхийг тулгаж байсан байна. Монголчууд мөн бүх эзэнт гүрний нутгийг өртөө замын сүлжээнд оруулахдаа Орос оронг ч алгасаагүй болно. Оросын түшмэд вангууд Монгол төрийн ёсонд захирагдан, Мөнх хийгээд Гүюүг хааны ордын чухал ёслолд ирж оролцдог байжээ. Орос хэлэнд монгол үгс ихэд холилдон үлдсэн нь өнөө ч их анзаарагддаг. Мөн монголчуудын харьяа байсан газарт Монгол газар усны нэр ихээр үлдэж хоцорчээ. Жишээлбэл, Москва буюу Мушгиа, Калуга буюу Хаалга, Саратов буюу Шар дов, Тюмень буюу Түмэн, Есөнтуки буюу Есөнтуг гэх мэт… Түүнчлэн монголчууд маань нутгийн оросууд болон бусад туургатнуудтай 200 илүү жилийн дотор цус их холилдсон бөгөөд өнөө цагийн оросууд, украйн, белорусууд цагаан арьстай гэхээсээ илүү монголжуу төрхийг олж, шинэ генийн фондтой болсон. Оросуудад Ордынский хэмээх шинэ овог үүссэн нь үүнтэй холбоотой.

Оросууд монголын дарлалд байснаар үндэстэн болж төлөвших үйл явцыг олсоноос гадна хожим нэгдэн нягтарч  Орос их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг болсоныг Оросын аугаа их түүхч Л.И.Гумилёв зоригтой гаргаж тавьсанаараа тухайн үедээ үлэмжих хэлмэгдсэн байдаг. Үүнийг оросын нэг үзэл сурталд баригдсан түүхчид хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч өдгөө нэгэнт олноо хүлээн зөвшөөрөгдсөн үнэн болжээ. Нүүдэлчдийн ямар ч орчинд амьдрах, дасан зохицох чадвар, орчноо үнэлэх мэдрэмж, сийрэг ухаан нь суурин иргэдээс хавьгүй дээр байсныг Монголчуудын тэр үеийн байлдан дагуулалт, хаанчлал харуулдаг.

Сталинаас хойш Оросын удирдагчид Монголыг хамаагүй гартаа оруулалгүй жийргэвч улс маягаар ашиглаж иржээ. Хятадтай шууд хиллэхгүй, дундаа нэг улстай байх нь дээр гэж үзсэнээс оросын хаант засгийн үед хятадаас хамгаалах том бамбай болгож Ар монголыг автономит эрхтэй улс байлгах бодлого явуулсан гэдэг. Хаант засаг унасны дараа оросууд азийн анхны социалист орон гэж монголыг зарлажээ. Хэрвээ оросууд тийм байрь суурь барьж байгаагүй бол аль хэдийн ЗХУ-ын дагуур улс болох байжээ. Тэдний энэ бодлого нэг талаараа манай улсын тусгаар тогтнолд гай болоогүй ач тустай ч тухайн үеийн ЗХУ-ыг хөгжүүлэх хөшүүргүүдийн нэг болсон түүхий эдийг ханган нийлүүлэгч хавсарга орон болгосон юм. Энэ он жилүүдийн алдаа оноо, нарийн ширийнийг яривал дуусашгүй.. Наяад оны сүүлээр ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлснээр Монгол оронд ч ардчилалын анхны салхи сэвэлзэж эхэлсэн билээ. Ах дүүгийн найрамдалт харьцаа зогсонги байдалд орж, ардчилалын замд “шилжсэн бид 24 дэхь хавартайгаа золгох гэж байна. Түүх өгүүлсэн олимпийн нээлтийн үеэр Монголын баг гарч ирэхэд “Эртний их түүхээр холбоотой Монголын баг гарч ирлээ..” хэмээсэн билээ. Монголчууд бид ч энэ оронтой холбогдох бахархах түүхтэй, харамсах ч агшинтай их гүрэн юм даа.

Энэ сард дэлхий нийт Орос оронд болж байгаа 22-р цагаан олимпоор амьсгалах болно. Хэдий цөөхөн хүн амтай ч дэлхийн хамгийн хүйтэн улсуудын нэг, цас мөсний орон гэгдэх Монгол улсаас  хоёрхон тамирчин оролцож байгаа нь дэндүү чамлалттай бөгөөд харамсалтай. Олимпийн нээлтэнд оролцсон ерөнхийлөгч маань ядаж нэгийг бодож, хоёрыг тунгаасан гэж найднам. Өвөл гэдгийг мэдэхгүй Африк тивийн халуун орноос хүртэл хоёр байтугай л тамирчид оролцож байх юм. Энэ нь улсаас спортын топ гэгдэх таван төрөлд гол анхаарлаа хандуулж, өвлийн спортыг орхиж, хаягдуулсаны гай. Спортын холбоод ч муу ажилладгийн тод жишээ. Гэсэн ч спортод элэгтэй Монгол түмэн ирэх олимпод хоёр бус хорин тамирчинтай оролцохын ерөөл тавьсаар, олимпийн төрөл, тоглолт нэг бүрийг үзэх болно.  


Г.Батболд

Хятадын “Нэг хүүхэд” бодлого хөгшчүүлд хэрхэн нөлөөлсөн бэ

Бээжингийн асрамжийн газрын нэг өдөр. Занг Зизонг хамт амьдрагсадтайгаа цуг дуу дуулж байна. 82 настай энэ хөгшинтэй адил Хятадын сая сая ахмад настнууд амьдралийн сүүлчийн өдрүүдээ  гэр бүлтэйгээ бус асрамжийн газарт өнгөрүүлцгээж байна.  

Тэрээр “Асрамжийн газрын амьдрал сайн, энд би аюулгүй байдаг” гэв.

Хятадын уламжлалт ёсоор бол настнууд хүүхдүүдтэйгаа амьдардаг. Гэхдээ уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, мөн нэг хүүхдийн бодлоготой холбоотойгоор энэ заншил өөрчлөгджээ. 1979 онд батлагдсан нэг гэр бүл нэг хүүхэдтэй байх бодлого нь төрөлтийн хувийг бууруулахад нөлөөлж, Хятадын хүн амын эрчимтэй өсөлтийг зогсоосон. Энэ бодлогын сөрөг үр дагавар одоо илэрч байна. Өндөр настай хүмүүсийн тоо ихсэж, насны доройтолд орсон хүн амыг яаж асран хамгаалах нь Хятадын томоохон асуудал болоод байна.

“Хятадын нэг хүүхдийн бодлого өнөөгийн нийгэмд зөрчилдөөн үүсгэж байна. Айлын ганц хүүхэд хангалттай их мөнгө олж чадахгүй байгаа тул эцэг эхээ дэмжих боломжгүй болж байна” хэмээн Занг ярив.

Ресторан эзэмшигч байсан Ванг Юн хувийн асрамжийн хоёр газар нээхэд зориулж хэдэн сая долларын хөрөнгө оруулалт хийсэн. “Залуучууд өөрийн эцэг эх, хүүхдүүдээ асран халамжлах хэрэгтэй. Энэхүү асуудлыг шийдэхэд бид тусалдаг. Энэ бол нийгмийн өмнө иргэдийн хүлээх үүрэг хариуцлага” гэж тэрээр хэлсэн. Энэхүү асрамжийн газар нь 3 одтой зочид буудлын хэмжээнд хийгдсэн ба сарын 800 ам долларын төлбөр авдаг байна.  Оршин суугчид эмнэлэг, эмийн сан, массажанд байнга орох боломжтой. Тухтай амьдрах бусад бололцоогоор сайтар хангагджээ.

Оршиг суугч Занг энд гэртээ байгаа мэт амьдарч байгаадаа ихэд баярладаг бөгөөд “Настнуудад зориулсан нийгмийн асуудлууд их байгаа. Гэхдээ тэрхүү асуудлыг харж судлах нэг ч хүн байхгүй байна” гэж ярьсан юм.

Өндөр настнуудын эрүүл мэндийн бодлого, тэтгэврийн систем, тэднийг асрах үйлчилгээ, шинэ үйлдвэрлэл бий болгох гэх мэт цогц бодлого шаардлагатай байгааг Хятадын өндөр настнуудын сэтгэл түгшээсэн байдал төр засагтаа анхааруулсаар байна.  Тиймээс 2013 онд хэрвээ нэг гэр бүлийн хос хоёр хоёулаа айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн бодлогыг баталлаа. Мөн 7-р сард хөгшчүүдийг хайхрахгүй байгаа хүүхдүүдийг шүүхэд дуудахыг зөвшөөрсөн “Ахмадын эрхийг хамгаалах хууль” –ийг баталсан билээ.

101053457-china.530x298

 “Сити Чайна” –ийн шинжээч “Энэхүү нэг хүүхдийн бодлогыг шинэчилсэнээр Хятадын эдийн засагт өсөлт нэмэгдэнэ” гэж тодорхойлсон юм. Хятадын хүн амын бодлого өөрчлөгдсөнөөр богино болон дунд хугацаанд эдийн засгийг өсгөх болно. НҮБ –ийн тоон мэдээлэлд дурьдсанаар, өнөөгийн Хятадын хүн амын 8,5 хувь нь 65-аас дээш насны иргэд байгаа бол 2050 он гэхэд 23,9 хувь болж өснө гэжээ. Хятадын эдийн засагч Шуанг Динг “Хятадын хүн амын насжилтын хувь нь хариуцлага болж хувирч байна. Өөрөөр хэлбэл ажиллах насны хүн ам ажиллах чадваргүй хүн амд ихээхэн хамааралтай болсон.  Өөрөөр хэлбэл өндөр настай хүмүүсийн тоо өссөнөөр Хятадын эдийн засгийн өсөлтийг бууруулж, тэтгэврийн системийг дарамт оруулж буй хэрэг юм.” гэж тайландаа дурьдсан байна.

Хятадын нэг хүүхдийн бодлоготой холбоотой төрөлтийн дундаж хувь ч буурчээ. Тухайлбал 1975-1980 оны хооронд 3 хувь байсан бол 2005-2010 оны хооронд 1,6 хувь болж буурсан. Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засаг бага зэрэг суларч байгаа ба Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтаас хэрэглээ рүү чиглэсэн загварт шилжиж байна.

ДНБ ний өсөлт 2013 оны 3 –р улиралд 7,8 хувиар өссөн гэж үндэсний статистикийн хороооос мэдэгдсэн.  Эдийн засагчид эдийн засагт нөлөөлөх 2 боломжит хувилбар гаргасны нэг нь олон хүүхэдтэй байх юм. Энэхүү хувилбарын дагуу төрөлтийн хувь өсөх бөгөөд одоо 1,6-1,8 байгаа бол 2 болтлоо өсөж ирэх 5 жилд 11 сая нэмэлт төрөлт бий болно гэж үзэж байна. Энэхүү төрөлтийн хувь 2030 он гэхэд ажиллах хүчин болж орж ирнэ гэж тооцжээ.

Г.Батболд

 

http://www.cnbc.com/id/101130958

Самурай дайчид сэлмээ хэрхэн хурцлахаа сайн мэддэг

Цаасан дээр Эдийн Засаг, ДНБ өсөөд байхад амьдрал дээрээ инфляцтайгаа зууралдаж дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш нь унаад, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсдөг хүнд тогтолцоотой Монгол улс.. Засгийн Газар бодит эдийн засгийн өсөлтийг ихэсгэх, нийгмийн хөгжлийг хурдасгах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх гол арга нь гадаад улсад өрийн бичиг (бонд) гаргах хэмээн “бат” шийдсэн бололтой. Чингис бондын 2013 оны ашиглалт, өгөөж, зээлийн хүүг тойрсон элдэв яриа ид өрнөж байхад Японы зах зээлээс мөнгө татах,  өр тавих ээлжит Самурай бондын талаар “шуугиан” дэгдсэн нь өнгөрсөн оны 9 дүгээр сар юм.

Тухайн үед  багадаа 600 сая доллартай тэнцэх иений бонд гаргах тухай яригдаж байсан. Хөгжлийн банкны удирдлагын зүгээс “Дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн төлөв байдал Засгийн газрын бондыг ам.доллараар арилжих нь ашиггүй нөхцөл рүү түлхэж байгаа. Ийм нөхцөлд иенээр зээлжих бонд тун ашигтай харагдаж байна” гэж тайлбарлаж байв. Засгийн газар “Манай улс Чингис бондыг 4.1-5.1 хувийн хүүтэйгээр арилжсан бол 2 орчим хувийн хүүтэйгээр Самурай бондыг арилжаалах нь Чингис бондоос ашигтай..” гэхчилэн сурталчиллаа. Энэ мэт зөвхөн бид л хожоотой “наймаа” хийж буй мэтээр эрсдэлийг тооцохгүйгээр зөвхөн нэг талыг барьсан мэдээлэл цацсан нь өнөөгийн хурдтай хөгжиж байгаа нийгэмд хурц асуудалд хуумгай хандаж байгаагийн илрэл.

Самурай бондын тухай мэдээллийн нээлттэй эх сурвалжуудадГадаад улсын засгийн газар, компаниуд Япон улсын хууль журамд нийцүүлж, Токиод гаргасан иен давамгайлсан бондыг самурай бонд гэнэ. Бонд гаргагчид нь Японы хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож, дотоодын хөрөнгө оруулалтад зарцуулах юмуу Японоос гаднах үйл ажиллагааг санхүүжүүлдэг.  Гадны зээлдэгч нар самурайн зах зээлд гадаад валютийн ханшийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах зорилгоор оролцдог.” гэж тодорхойлжээ.

Бондын түүхийг нарийвчлан үзвэл, тус бондын зах зээл 1970 онд нээгджээ. Тухайн үед Японы Сангийн Яам гадаад улсын засгийн газрын өндөр үнэлгээтэй хуулийн этгээдүүдэд самурай бондыг тодорхой хэмжээ, заасан хугацаатайгаар гаргах эрх олгож, энэхүү нээлттэй хөрөнгийн зах зээлийг нээсэн байна. Гадаад валютийн нөөцөө өсгөх, мөн гадаад валютийн дарамтыг эсэргүүцэх нь гол зорилго байв. 1970 онд 1 ам.доллар 360 Япон иентэй тэнцэж байсан бол 1971 онд 308 иен болж, улмаар 1973 онд хөвөгч хүүтэй систем рүү шилжжээ. Эхэн үедээ зөвхөн гадаад улсын засгийн газрын байгууллагуудад энэ зах зээлд нэвтрэхийг зөвшөөрч байв. Азийн хөгжлийн банк хамгийн анхны самурай бондыг 1970 оны 11 сард гаргасан бол хувийн байгууллагуудаас хамгийн анх “Blue chip” корпораци 1978 онд самурай зах зээлд  хөрөнгө босгосон түүхтэй.

Бонд гаргалтын урсгалыг хянахын тулд тусгай хэмжүүрүүд бий болгосон төдийгүй зээлийн зарцуулалт, үр ашиг, эргэн төлөлтийг хянадаг өндөр хяналтын системтэй болсон. 1972 онд Австрали улс 10 тэрбум иентэй дүйцэхүйц, анхны гадаад валютийн бондыг самурай зах зээлд гаргасан байна. Аажмаар бонд гаргагчдад тавигдах шаардлагуудыг хөнгөвчилж, бондын хэлбэрүүдэд ч өөрчлөлт хийснээр энэ зах зээлд оролцогчид улам ихэссэн. Хоёр өөр мөнгөн тэмдэгтээр самурай бондыг гаргаж, хүү болон үндсэн зээлээ алинаар нь ч төлөх боломжтой болжээ. 1984 оноос зээл авагчдад тавих шалгуураа багасгаж, хоёр А-аас нэг А-тай байгууллагад  ч самурайн зах зээлд гарах боломжийг олгож эхэлсэн. 1991 оноос  гурван B (BBB) үнэлгээтэй гадны хуулийн этгээдүүдэд ч зөвшөөрөл өгч эхэлсэн байна. Энэ мэтчилэн самурай зах зээлд өндөр хөгжилтэй орнуудын засгийн газар, эдгээр улсын компаниуд төдийгүй Африкийн улс орнууд ч бонд гаргаж байв. 

Image

            Энэ бүгдээс харахад Япон улс самурай зах зээлдээ оролцох тоглогчдод тавих шаардлагаа улам хөнгөвчилж ирсэн байх юм. Мэдээж тэдний санхүүгийн зах зээлд ашигтай учраас тэр. Гадны санхүүгийн сайтуудад Самурай бондын давуу болон сул талуудыг ингэж тодорхойлсон байна.

Давуу тал:

  Самурай бонд олон хувилбартайгаар хөрөнгийн гүнд нэвтрэх боломжийг олгодог.

  Самура бонд харьцангуй бага хүүтэй.

  Японд гаргадаг учраас японы томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад хялбар, дөхөмтэй.

  Японы эдийн засаг Америк болон Европийн зах зээлийн хөгжил, өөрчлөлт, хямралын нөлөөнд хялбар автдаггүй.

Сул тал:

Самурай бондыг зах зээлд гаргахад татварын хэмжээ өндөр,

Бондын нөхцөл уян хатан бус учраас орж ирсэн хөрөнгө оруулалтыг ашиглахад хязгаарлагдмал.

Бонд гаргагчид захиргааны өндөр ачаалал, үүрэг хариуцлагыг үүрдэг.

Европийн зах зээлийг бодвол Самурай бонд гаргах ажиллагаа илүү төвөгтэй, олон шат дамжлагатай.

Энд самурай зах зээлд бонд гаргахад Японы талаас авах татварын хэмжээ өндөр гэдгийг гол сул талаар дурьдсан нь анхаарал татаж байгаа юм. Манай засгийн газар хүү багатай гэхээс хэдий хэмжээний татвар төлж байгаа талаар ам ангайхгүй байна. Энэ талаар дуугарах нь бүү хэл гадны зээлдэгч нараас “Самурай”, “Чингис” бондыг авахын тулд манай улсын хийсэн хэлэлцээрүүд нууц байгаа нь эргэлзээ, таамаг дагуулсаар. Японы зах зээл дээр гаргасан самурай бондын хөрөнгө (төлөвлөснөөс бага) шинэ он гараад Хөгжлийн банкны дансанд орж ирсэн талаар хэвлэлүүд мэдээлсээр байтал энэ талаар тодорхой мэдээлэл хийхгүй байгаа нь өөрөө олон хардлагыг төрүүлж байна.  

Богино хугацаанд үр ашиг өгөх төслүүдийг шалгаруулан зарцуулах нь манай өнөөгийн нөхцөлд хамгийн чухал асуудал юм. Мөн энэ зээл нь хэтдээ эдийн засгийг урт хугацаандаа эрсдэлд оруулахгүй, улс орныг өрийн дарамтаас хол байлгах зарчимд тулгуурласан байх ёстой. Түүнчлэн нарийвчилсан тооцоогүй, үр ашгаа өгөх бэлэн төсөлгүй зээл авснаар улс орныг асар их хүүгийн дарамтад зээл авсан цагаас эхлээд оруулж эхэлдэг. Тухайлбал Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараас 2013 оны байдлаар 930 тэрбум төгрөгийг ашигласан байна. Үүний 10 гаруй хувьтай тэнцэх мөнгө буюу 110 тэрбум төгрөгийг 2013 онд бондын хүүнд төлжээ. Ерөнхий сайд олон чухал салбарын 204 орчим төслүүдэд 2.0 их наяд төгрөг шаардлагатай байгаа учраас үүнд зарцуулж байгаа талаар мэдээлсэн. Гэвч зөвхөн авто замыг сайжруулах төслүүд, гудамж төсөлд 300 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй. Учир нь эдгээр төслүүд дэд бүтцийг сайжруулах боловч эргээд өгөх хөрөнгийн шууд өгөөж үгүй. Төсвийн бусад орлогоор шийддэг байсан асуудлуудад бондын мөнгөөр хөрөнгө оруулаад эхэлвэл гадаад өр яах вэ? Япон улс экспортоо дэмжих, валютынхаа статусыг дээшүүлэх, гадаад зах зээлд нэвтрүүлэхээр хийж байгаа бодлогын арга хэмжээний хүрээнд л самурай бонд гаргахад дэмжлэг үзүүлдэг. Мөн тус улстай гэрээ хэлцэл хийхэд Японоос техник, тоног төхөөрөмж, технологи худалдан авахыг гэрээний нөхцөлдөө тусгадаг. Гаргасан хөрөнгийнхөө нилээдгүй хувийг буцааж өөрийн эдийн засагтаа шингээж  чаддаг нь тэдний сайтар чаддаг зүйл. Японы иенээр босгосон хөрөнгөөр ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ? Тухайн төслийг хэрэгжүүлчихээд эргэн төлөлт хийхдээ иенийн ханшийн эрсдэлийг яаж сэргийлэхээ бодох ёстой. Энэ бүгдэд хариу алга..

Английн “Financial times” сэтгүүлд “Ашигт малтмалын нөөц ихтэй Монгол улс суларсан эдийн засгаа сэргээх гэж олон улсын бондын зах зээлд эргэн ирлээ.. Өр бол нэг хэрэг, сайн төлөвлөгөө хэмжээ хязгаар хэрэгтэй. Эс бөгөөс нуруунд чинь гал асна. Самурай дайчид сэлмээ хэрхэн хурцлахаа сайн мэддэг улс..” гэжээ.


Г.Батболд

Уул уурхай Монгол улсын хөгжлийн гарц мөн үү?

       

     Уул уурхайн асуудал илүү хүчтэй яригдах болсон сүүлийн жилүүдэд Монгол орны хөгжлийн гарцыг уул уурхай мэтээр ойлгож, төрөөс ч энэ салбарт хүчтэй анхаарал хандуулах болсон. Монгол улсын баялаг сүүлийн хэдэн жилд дэлхийн уул уурхайнтом компаниуд, хөгжингүй орнуудын засгийн газрын анхаарлыг татах боллоо. Ийм үед энэ салбарыг зөв ашиглаж үр дүнтэй бодлого явуулж чадвал богино хугацаанд тухайн орон хөгжих тулгуур хүч болдог нь олон орны туршлагаас харагддаг. Гэвч бид зөв бодлого хэрэгжүүлж, улс түмний эрх ашгийг хамгаалж, энэ салбарыг хөгжлийн гол түлхүүр болгож чадаж байна уу? Уул уурхайн салбар цар хүрээгээ тэлэн, өсөн хөгжиж байгаа ч энэ  нь Монгол улсын ирээдүй болон монголын хүн амын амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж болох талаар тодорхой нэгдсэн үзэл баримтлал байна уу? Хэдэн жилийн дотор уг салбарын үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны бохирдол, хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл ихэсч байгаа нь бодитой юу? Хөрсний доройтол эрчимтэй явагдаж, нийт нутгийн 72 хувь ньцөлжилтөнд өртөөд байгаа нь үнэн үү? Монгол улсын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж ахуйэрхлэх, хүний орон гэр халдашгүй байх,байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, усаар хангагдах зэрэг олон эрхтэй. Энэ эрхүүд уул уурхайн салбарбайгаль орчинд сөргөөрнөлөөлсний улмаас сүүлийн жилүүдэд ихээхэн зөрчигдөх боллоо. Байдал ийм байхад уул уурхайгаас орж ирсэн орлого Монгол улсын ирээдүй хэмээсээр байх нь хэр зохистой вэ?  

gutai_mining_in_onon_river__352376

Олон улсын валютын сангаас гаргасан урьдчилсан тооцоогоор “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 – 2016 оны хооронд дунджаар 14 хувьд хүрнэ. Монгол улсад явагдаж буй энэ өсөлтийн нэг чухал эх үүсвэрийг эрдэс баялгийн нөөцийн олборлолт, үйлдвэрлэл бүрдүүлж байгаа бөгөөд цаашид ч ийм байх хандлага үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ. Дэлхийн банкны 2011 оны судалгаагаар “Монгол уул уурхайн хөрөнгөоруулалт хийхэд тааламжтай байршилтай, Монголын эрдэс баялгын боломжөндөр, засгийн газраас хөрөнгө оруулагчдад найрсаг хандаж, санал бодлогыгнь сонсдог. Гол нь хууль эрх зүйн орчин гэнэт өөрчлөгддөг болсон нь хөрөнгө оруулагчдын сонирхолд огт нийцэхгүй байна гэж дүгнэсэн байна. ҮСХ-ний 2012 оны тайлангаас харвал, сүүлийн 5 жилийн хугацаанд Монголын хүний хөгжил өмнөх 5 жилээс илүү хурдацтай сайжирсан бөгөөд үүнд нэг хүнд ногдох орлогын өсөлт болон хүн амын эрүүл мэндийн сайжралт мэдэгдэхүйц нөлөөлсөн байна гэжээ.  Эндээс харахад том ордуудаа эргэлтэнд оруулж, орж ирсэн тодорхой мөнгө эдийн засагт шингэсэн учраас  эдийн засаг “том” харагдавч энэ их мөнгийг эргээд халамжинд зарцуулсан учраас ядуурлын түвшин хэвээр буюу 31 хувьтай байгааг Дэлхийн банкны 2012 оны судалгаа харуулж байна.

НҮБ-ийн судлаач С.Алтанцэцэг “Эрдэс баялгийн цог­цолборын хөгжилд нөлөө­лөх таатай нөхцлүүд бол эрдсийн түүхий эдийн дэлхийн болон бүс нутгийн эрэлт хэрэгцээ өсөж байна. БНХАУ болон ОХУ нь Дэлхийн худал­дааны байгууллагын гишүүн болсон. Ингэснээр зах зээлийн асар их багтаамж бүхий хөрш орнуудтай худалдааны ижил нөхцлөөр арилжаа хийх бо­ломж бүрдэх юм. Түүнчлэн дэлхийн зах зээлд эрэлт ихтэй эрдсийн түүхий эдийн нөөц Монголд байна. Харин таагүй нөхцлүүд гэвэл төрийн бодлого тогтвор­той биш, эрдэс баялгийн салбарыг улс төрийн шоу болгон тоглож байна. 2004 оноос эхэлсэн бодлогын тогт­воргүй байдал өнөөг хүртэл үргэлжилж байна. Хууль, эрх зүйн тогтвор­той байдал алдагдаж эрдэс баялгийн салбар эрх зүйн зөв зохицуулалтгүй байна. Эрдэс баялгийн салба­рын хөгжилд нутгийн иргэ­дийн дэмжлэгийг авч чадах­гүй, тэдний эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэхүү эсэр­гүүцэл нь экологи, эдийн засаг, нийгмийн мотивацтай байна” хэмээн тодорхойлов.

 de901177461385634ec2aba3c9bcb462_x3

      

      СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал “Одоогийн байдлаар Хятадын экспорт, эдийн засгийн өсөлт буурснаас манай түүхий эдийн эрэлт, үнэ буурч орлого багаслаа. Үүнээс болоод манай эдийн засаг хямрах дээрээ туллаа. Том гүрнүүд баялаг ихтэй жижиг улсыг ийм байлгах сонирхолтой байдаг юм. Өөрөөр хэлбэл, Монголоос түүхий эдээ хямд үнээр хангаж байхыг урд хөрш сонирхоно гэсэн үг. Өнөөдөр Хятад нүүрс худалдан авахаа зогсооход манай эдийн засаг хямарч эхэлж байна. Нөхцөл байдал ийм байхад ганцхан уул уурхайгаар хөгжлөө тодохойлж болохгүй нь ойлгомжтой. “Эрдэнэс Таван толгой” компани Хятадын төрийн өмчит “Чалко” компанид их хэмжээний зээл тавьсан шүү дээ. Тэр мөнгөө  ард түмэнд бэлнээр тараасан. Одоо энэ өрөө төлж л нүүрс  гаргаж өгч байгаа. Өнөөдөр нэг тонн нүүрс олборлоод тээвэрлэх зардал, борлуулах үнэ адилхан болсон. Ашигт малмалын үнээр дамжиж манай улсад хямрал нүүрлэх төлөвтэй боллоо. Эдийн засгийн шинжээч, судлаачид ашигт малтмалын үнэ ойрын хугацаанд сэргэнэ гэж хэлэхгүй байна л даа” гэв.

 

            Түүнчлэн ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохдоо “Монголд үндсэн гурван баялаг бий. Нэгдүгээрт, газар нутагт түшиглэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хоёр дахь нь хүн ардын бүтээх чадвар буюу оюуны өв сан, гуравдах нь уул уурхай юм. Уул уурхай бол нэг ашиглавал тэгээд дуусдаг. Гэхдээ уул уурхай эрсдэл дагуулдаг. Уул уурхайн түүхий эд маань аль нэг орны түүхий эдийн хавсарга болгох аюул дагуулдаг. Харин уул уурхайгаа түшиглэн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлвэл сайхан ирээдүйн үндэс суурь болно” хэмээжээ.Уул уурхайн яамны зөвлөх М.Сурмаа “Дэлхийн хамгийнтом Таван Толгойн нүүрсний ордоосБНХАУруу хямд үнээр түүхий нүүрсийг 240 км урт, 32 салаа замаар тээвэрлэж байгаань нүүрс, элсний тоосыг бүс нутгийнорчинд цацаж байна. Энэ нь агаарын бохирдол, биологийн төрөл зүйл дайжихустах, хүн амьдрах орчингүй болгоход нөлөөлж байна. Энэ тал дээр төрийн бодлого алга” гэлээ.

Ємнєговь аймгийн иргэн Н.Баярсайхан,Ж.Энхбат нар“Лиценз олгохдоо ганцхан аймгийн засаг даргын саналыг авах нь буруу. Ашигт малтмал олборлоход байгаль орчин сvйдэж, нутгийн иргэдийн амьдралд сєргєєр нєлєєлдєг. Үүнийг огт тооцдоггүй. Тиймээс олборлолтын улмаас vvсэх бvх л сєрєг нєлєєг тооцож, хэрхэн арилгах талаар тохиролцсоны vндсэн дээр нутгийн иргэдийн саналыг харгалзан лиценз олгодог хуулийн зохицуулалтхэрэгтэй. Байгаль орчны нөхөн сэргээлтийг огт хийдэггүй компанууд баялгийг ухаж аваад явахад үлдэж буй иргэд эрүүл мэнд сэтгэл санаагаар хохироод үлддэг” гэсэн юм.

 Forum.mn-д дурьдсанаар Монгол улс 300гаран сумтайгаас 90 орчим хувьд нь уул уурхайн лиценз олгогджээ. 2011 онд хийсэн “Улсынусны тооллого” судалгааны дүнгээс үзэхэд, Монгол оронд 18610 гол горхи, булаг шанд, нуур цөөрөм, рашаан байдгаас 6870 нь ширгэжхатсан. Ийм нөхцөлд говийн усгүй орчинд 30-60 жил олборлох Оюу Толгойналт\зэсийн уурхайн усны хэрэгцээг хангах нөөц тогтоогдоогүй байхад эхлүүлэх, усолдохгүй бол Хэрлэн, Орхон, Онон голуудын урсацыг эргүүлэх бодлого баримтлаж байгаа нь ирээдүйд нөхөж баршгүй гарзыг авчирж байна. Монгол улсад усны нөөцийн хомсдол хурдацтай явагдаж байна. Байгаль орчноо сүйдэлж, ундны усны нөөцөө уул уурхайд зориулвал ирээдүйдээ үйлдэх хамгийн том нүгэл болохыг яагаад бид ухаарахгүй байна вэ?

 5d22c81dbc1908bforiginal

Монгол улсын хөгжлийн тулах цэг бол түүхий эдээ ухаж гадагш гаргасан уул уурхай биш. Бид эх орноо түүхий эдийн хангамжийн бааз биш үйлдвэрлэгч улс гэдгийг дэлхий дахинд нотлож чадсан цагт л хөгжил гэдэг бодит утгаар ирнэ гэдэг санаан дээр огтлолцож байх юм. Дэлхийн санхүүгийн зах зээл доргиж, ашигт малтмалын үнэ багахан унахад л манай эдийн засаг хямарч байна. Энэ байдлаас гарах гарц бол хөрөнгөө оновчтой бүтээн байгуулалтад зарцуулж, түүхий эдээ дотооддоо боловсруулдаг болсон цагт л манай улс хөгжинө. Бусад салбараа орхигдуулж, уул уурхайд найдаж болохгүй. Экологийн тэнцвэрээ алдагдуулж, ундны усаа барж, оршихуй амьдрахуйгаа устгаж авсан “хөгжил”-өөр бид яах билээ. Үүнийг хэдэн мянган жилдээ засаж чадахгүй. Монголын төр байгалийн баялгаа олборлох бодлогоо түүхий эдийн оронд үйлдвэржилт, технологи гэсэн зарчмаар хөгжүүлвэл ашигтай гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байна.

 

 

Г.Батболд

Сэтгүүлчийн ёс зүй ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй

Нэг намын үзэл суртлын зэвсэг байсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрчлөгдөж, ардчиллыг хөгжүүлэх, ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болох үүргүүдийг хүлээн авснаас хойш хорь гаруй жил улирчээ. Монголын сэтгүүлзүйн суурь өөрчлөлтүүд яван явсаар сэтгүүлчийн ёс зүйн өндөр босгыг даван туулах их сорилтын өмнө тулж ирээд байна. Монголын сэтгүүл зүйн хөгжил дэлхийн түвшинд хүрэхийн тулд өөрөө зөв төлөвшиж, сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг сэтгүүл зүйн тогтолцооны амин сүнс болгон авч үзэх цаг нэгэнт болжээ.

tveiten wordcloud

Сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тоо цөөхөн хүн амтай манай орны хувьд эрс нэмэгдсэн нь мэдээллийн болон хэрэглэгчдийн төлөө өрсөлдөөн бий болж, мэдээллийн шуурхай, хүртээмжтэй чанар, багтаамжийг дээшлүүлэх, бичлэгийн ур чадварыг сайжруулах, мэдээллийн хэрэгслийн өнгө үзэмж, дүр төрх мэдэгдэхүйц сайжирч, хэвлэлийн менежментийн шинэ арга ажил­лагаа нэвтрэх зэрэг эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч сэтгүүлзүйн төлөө бус ашиг орлого хөөсөн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нээгдэхийн хэрээр энэ салбарт мэргэжлийн бус болон чадваргүй хүмүүс их хэмжээгээр орж ирсэн нь гашуун үнэн. Сэтгүүлчид тулга тойрсон хэдэн сэдвийн хүрээнд эргэлдэж, аар саар зүйлийн араас хөөцөлдөж, бичлэгийн нэг л өнгө аяс хэв загварт баригдан байна. Мэдээллийн эх сурвалжгүй, баримт нотолгоо хийгээд судалгаа шинжилгээгүй, чанаргүй нийтлэл нэвтрүүлэг хэт олширсон. Түүнчлэн хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй жам ёсоороо хөгжих эрх зүйн орчин хараахан бүрдээгүй учраас эзэн, редакцийн зүгээс хараат сэтгүүлчид дарамт шахалтанд өртөн захиалгат сэтгүүл зүйн бүтээлүүд төрөн гарах болсон нь нууц биш юм.

 

Чөлөөт хэвлэлийн оршин тогтнох үндэс болсон, редакцийн хараат бус байдлын тухай нарийвчлан заасан, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан, бас тэдний үүрэг, хариуцлагыг нь тодорхой тусгасан, мэдээллийн эх сурвалжийг хамгаа­лах, мэдээлэл олж авах эрх, үүргийг баталгаажуулсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг бид батлахыг шаардахын зэрэгцээ “Сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ыг сэтгүүлчид үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой.  Мэдээллийг эрж хайх, боловсруулах, түгээх эрх чөлөөг эдлэхдээ ёс жудаг, хүн чанар, үнэнийг эрхэмлэх ардын ухаанд суурилж, сэтгүүлчийн ёс зүйг төлөвшүүлэх цаг хэдийнэ болжээ.

 

 Г.Батболд

В.Баттулга: Ганц сайн зургаар түмэн зүйлийг өгүүлж, бусдыг соён гэгээрүүлдэг

“Нэг сайн зураг мянган үгний хүчтэй” гэж үг бий. Ялангуяа мэргэжлийн гэрэл зурагчны мэдрэмжтэй, зохиомжтой авсан ховор зураг бол олон зүйлийг ухааруулж, нүд сэтгэл баясгана. Энэ салбарт 20 гаруй жил ажиллаж яваа, гэрэл зургийн мастер В.Баттулгатай уулзаж уран бүтээлийнх нь талаар хөөрөлдөв.

-Гэрэл зурагтай амьдралаа холбосон түүхээс тань сонирхвол?

– 1986 оны зун аав маань Москвад маркийн үзэсгэлэн үзээд ирэхдээ “Зенит” аппарат авчирж өгсөн юм. Наадмын өмнөхөн их дэлгүүрээс германы “орво 22” плёнк авч хажууханд нь байдаг зурагчинд орж цэнэглүүлээд зуслан руу явж гар дээрээ шувуу суулгасан охины зургийг авч билээ. Тэр бол миний авсан хамгийн эрхэм зургийн нэг. Ямар ч мэдлэггүй залуу зурагчин авсан гэхэд өрц, хурд, зохиомж янзтай тохирсон. Түүнээс хойш гэрэл зурагтай амьдралаа холбож, түүндээ үнэнч байсаар өдийг хүрч байна даа. 1986 оны намар МҮЭСТО-ны гэрэл зургийн нэг жилийн дугуйланд орж Германд сургууль төгссөн Э.Алтанбулаг багшийн шавь болж билээ. Дугуйлан төгссөн намар “Ажилчны урлагийн хоёрдугаар их наадам”, “Ажилчин ангийн яруу алдар” уралдаанд оролцож хоёуланд нь нэгдүгээр байр эзэлсэн. Тэр цаг үеэс хойш олон уралдаан тэмцээнд оролцсон доо. 1987 оны зун уралдаант шалгалтад орж Бүх Холбоотын КУДС-д кино операторын ангид суралцсан юм. Хэвлэл мэдээллийн салбарт хориод жил ажилласан. Одоо бол чөлөөт уран бүтээлч.

-Анхны “Зенит”-ээс хойш олон аппарат хэрэглэсэн үү?

– Аппарат хэрэгсэл сонирхож цуглуулдаг байсан ч учиргүй олныг эдлэж явсангүй. Анхы авсан “Зенит”-ийнхээ дараа Германы “Практик” барьсан. 2000 оноос эхлэн “Канон”-ы хоёр загварыг барьж байна даа. Мөн хальсны “Никон Ф3” аараа одоо ч гэсэн зураг авдаг. Цуглуулгын хувьд сүүлд цуглуулж эхэлсэн ч зуу орчим аппарат, суурь, бусад дагалдах хэрэгсэлүүд байгаа.

Vandandorj BATTULGA-632

-Хальс гэснээс дижитал болон хальсны зураг хоёр чанарын хувьд хэр ялгаатай вэ?

– Ер нь гэрэл зургийн мастерууд хальсаар голчлон авдаг. Хальс бол хэзээ ч хуучрахгүй, зургийн чанарын хувьд дижиталаас огт дутахгүй.  Жишээлбэл Америкийн нэрт зурагчин Бурнетт 1940-өөд оны хальсны аппаратаар 2012 оны Лондонгийн олимпийн үеэр авсан зураг оны шилдгээр шалгарсан. Хадгалалтын хувьд давхар файл болгоод хадгалсан байхад бүр асуудалгүй. Дижитал бол хард диск эвдрэхэд л хамаг зураг устана. Сүүлийн үед гэрэл зураг сонирхогч залуус хальсны аппаратыг хэрэглэдэг болж байна.  

– Сайн зурагчин болох хүсэлтэй гэрэл зураг сонирхогчдод юу зөвлөх вэ?

– Гэрэл зураг бол хөдөлшгүй түүхэн баримт, дахин давтагдашгүй агшин хором, урлаг, сэтгүүлзүйн том төрөл. Ганц сайн гэрэл зургаар түмэн зүйлийг өгүүлж, бусдыг ухааруулж, соён гэгээрүүлж болно. Харин түүнийг урлан үлдээх гэрэл зурагчны ур чадвар байнга хөгжиж байх учиртай. Хамгийн гол зүйл бол зурагчин хүн уран бүтээлээ байнга бодож, түүний төлөө шаналж, онгод хиймороор шатаж явах хэрэгтэй. Миний хувьд  хаана ч явсан аппаратаа үүрээд явдаг. Хичнээн цаг завгүй байсан ч долоо хоногийн нэг өдрийг цэвэр уран бүтээлдээ зориулдаг. Ямар зураг авахаа сэдэвчлээд, нарийн төлөвлөгөө гаргадаг.  “Явсан хүн яс зууна” гэдэгчлэн ингэж явахад заавал уран бүтээлийн олз омогтой ирдэг. Зөвхөн гэрэл зурагчин төдийгүй уран бүтээлчид маш их хөдөлмөрч, өндөр мэдрэмжтэй, эмх цэгцтэй, зорилготой байх хэрэгтэй. Энэ бүгдийг цогцлоож чадвал амжилтанд хүрнэ.

Зурагчин хүн тоног төхөөрөмжөө хэзээ ч голж болохгүй, зөвхөн ур чадвараа л голох хэрэгтэй. Толгойгоо сайн ажиллуулж чадвал ямар ч аппаратаар сайн уран бүтээл гаргаж болно. Нэг аппаратыг төгс эзэмшсэний дараа өөр технологи сонирхох хэрэгтэй. Тухайн аппаратны дараагийн загвар гарлаа л гэнэ, үнэндээ хүний нүдэнд үл  мэдрэгдэх мегафикслийн нарийвчлал өндөрссөн, эсвэл дизайны хувьд ганц нэг товчлуурын хэлбэр өөрчлөгдсөн байх гэх мэт бага сага өөрчлөлт л хийгсэн байдаг.  Иймээс тэр бүгдэд хошуурах нь буруу зүйл. Сайжирсан загвар бүрийн хойноос хөөцөлдөнө гэдэг чадварлаг уран бүтээлчийн чанар биш.

Vandandorj BATTULGA-5557

– Гэрэл зураг түүхийн хөдөлшгүй баримт болох талаар тө өөрт тохиолдсон явдлаас хуваалцаач?

–  Ер нь авсан агшин хором бүр л түүхийн чухал гэрч юм даа. Онцгой үйл явдлаас жишээ татвал тэр жил Л.Гүндалайг Их Хурлын гишүүн байхад нь баривчлаад бөөн шуугиан дэгдсэн дээ. Тэр үед би нисэх дээр ажилтай явж таараад хэрхэн баривчилж байгаа бүх хормыг дурандаа буулгаж чадсан юм. Тэнд надаас өөр зурагчин байгаагүй. Нисэхээс намын байран дээр нь ирж зураг аваад л тэр өдөр нилээн амьсгаа өндөртэй гүйж билээ. Орой нь миний зургуудаар том анонс хийж өлгөөд, телевизүүдийн мэдээгээр гарч хүн бүрийн анхаарлыг татсанаар маргааш орой нь суллагдаж байсан. Л.Гүндалай суллагдсаныхаа дараа надтай уулзаж, талархлаа илэрхийлж байлаа. Эндээс харахад тухайн өдрийн хэвлэлийн хамгийн чухал түүхий эд нь тэр зургууд байсан хэрэг.

– Бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн гаргана гэж дуулсан. Энэ талаар тодруулна уу?

– Олон үзэсгэлэнд бусадтай хамтран оролцож байсан ч бие даасан үзэсгэлэнгээ гаргасангүй өдий хүрчээ. Дарс дарах тусмаа амттай болдог шиг сайхан үзэсгэлэн гарах байх гэж бодож байгаа. Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн онцгой ой ч энэ жил тохиолоо. Би үзэсгэлэндээ 100 гаруй шилдэг бүтээлээ, аппарат хэрэгсэл, бусад тоног төхөөрөмжүүдийг дэлгэн тавих бодолтой байна. Үзэсгэлэнгээр тогтохгүй олон жил дарсан бүтээлүүдээ сэдэвчилж, цуврал ном болгох бодол бий. Чадвал есөн боть гаргах санаатай. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажил багагүй л байна.

– Таны бодлоор фото сэтгүүлзүйн хөгжил манай улсад ямар түвшинд явна вэ?

– Гэрэл зураг бол хэвлэл мэдээллийн салбарын хавсарга бүтээгдэхүүн мэт л явж байна. Барууны сэтгүүлзүйд текстийг жижиг, гэрэл зургийг том тавьдаг. Манайд бол олон нүүр дамнасан нийтлэлийг огт зураггүй тавих ч тохиолдол элбэг. Энэ бол ухралт юм л даа. Өнцгөө олоогүй нуршсан нийтлэлээс сайн зураг хавьгүй илүү ихийг уншигчдад ойлгуулдаг. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс үнэтэй чанартай аппарат хэрэгсэл авч хэрэглэх болсон. Гэвч үүнийгээ хэрхэн ашиглаж эзэмшихээ мэдэхгүй бол хэзээ ч сайн бүтээл хийхгүй. Тиймээс Монголын гэрэл зургийн танхимаас 14 хоногийн хугацаатай гэрэл зургийн “Шавь” сургалт явуулдаг болсон. Сайн зураг авч сурахыг хүссэн хэн ч хандаж болно. Би тэнд багшилдаг. Түүнчлэн Хэвлэлийн Хүрээлэнд фото сэтгүүлзүйн хичээлийг тав дахь жилдээ зааж байна. Мөн “Дэлхийн зөн” байгууллагатай хамтарч орон нутаг болон хотын дүүргүүдэд сэтгүүлч болох хүүхдүүдэд гэрэл зургийн хичээл заадаг. Энэ мэтээр өөрийн чадах чинээгээр фото сэтгүүлзүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээж явна.

 

Ярилцсан Г.Батболд